Дээд боловсрол дахь сургалтын технологи ба чанарын хамаарал ЦУВРАЛ:2 |Г.Цогтбаатар|
· Орчин
Их дээд сургуулиудын сургалтын технологи
a. Элсэлт их байлгах механизм
Харин манай төрийн дээд боловсролын тогтолцоонд барьж байгаа дээрх бодлого нь их дээд сургуулиудад бүх хүнийг чадвартай чадваргүйгээс нь үл хамааран босгоныхоо цаана гаргахыг тулгаж байна /Түрүүчийг нь цуврал:1-с харна уу/
Өөрөөр хэлбэл нэг талаас төрөөс тогтоож өгсөн төлбөрийн дээд хэмжээ нь сургуулиудын хувьд сургалт явуулахад нь хүрэлцэхүйц байж чаддаггүй бөгөөд нөгөө талаас нэгэнт төлбөр нэмэх боломжгүй учраас ихэнх их дээд сургуулиуд орлогоо нэмэгдүүлэх зорилгоор дотоод нөөц, багтаамжаасаа илүү оюутан элсүүлэхэд хүрдэг байна.
Товчхондоо төрийн бодлого нь их дээд сургуулиудыг санхүүгийн гачаалалд оруулжээ. Сургуулиудын элсэлт их байлгах бодлогын уршгаар:
1. Нэг ангид ногдох оюутны тоо өсөх бөгөөд ингэснээр сургуулийн анги танхим, ширээ, сандал, ном сурах бичиг, сургалтын техник хэрэгсэл, цаашлаад оюутны байр хүртлэх хүрэлцээгүй байдлын бэрхшээл үүсдэг.
2. Нэг багшид ногдох оюутны тоо өсөх бөгөөд ингэснээр багш оюутнууд тулж ажиллах бололцоо хомсдхын зэрэгцээ, нийтийн лекц гэх мэт сургалтын үр дүн муутай хэлбэрүүд нэмэгддэг.
3. Сургуулиас оюутанд чиглэсэн үйлчилгээний хүртээмж багасах бөгөөд энэ нь нэгж оюутан бүрд хүрэлцэхгүй учир ач холбогдол нь мэдрэгдэхгүй өнгөрдөг.
4. Сургуулиуд 2-3 ээлжээр хичээллэх болж багш нарт хэтэрхий ачаалал өгөх, хичээлдээ ямарч бэлтгэлгүй ороход хүргэдэг гм.
Сургуулиуд аль болох элсэлт их авхыг чухалчилж буй учраас элсэлтийн шалгалтын босго оноог доошлуулах аль эсвэл элсэгчдэд илүү амар хялбар байлгах зорилгоор шалгалт авах тест гэх мэт хөнгөн хэлбэрүүдийг голлон хэрэглэдэг.
Элсэлтийн шалгалт сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан түвшинд суралцах эрх эдэлнэ. Гэтэл энэ зарчим монголд хэдийнээ алдагдсан гэхэд болно. Мөнгө төлж л чадаж байвал баклавар, магистрантур цаашлаад бүр докторантурт ч суралцах боломжтой бөгөөд үүнд тухайн суралцагчын мэдлэг чадвар гол биш болжээ. Үүнийг мэдэрсэн албан байгууллагууд ч өөрсдийн шалгууруудыг нэмж тавьдаг болж, дээд боловсролын үнэ цэнэ алдагдаж бараг дээд боловсролтой, магистр зэрэгтэй цэвэрлэгч ажилд авна гэх нь холгүй болоод байна.
Иймд дээд боловюсролын сургалтын гараа өмнөх шатлалын порпорцийг хадгалсан идэвхгүй дийлэнх, болон идэвхтэй цөөнх хэсэг гэсэн оюутнууд бүхий бүтцээс эхэлдэг. Суралцагчдад заах хичээлийн төлөвлөгөө нэг л учраас бодит байдал дээр идэвхигүй дийлэнхэд нийцүүлэн хичээл явагдана. Идэвхтэй цөөнх хэсгийн хувьд сургалтын ач холбогдол алдагдана.
b. Оюутнуудыг хянах, урамшуулах механизм буюу хариуцлагын тогтолцоо
Мэдээж хэрэг дийлэнх сургуулиуд санхүүгийн гачаалалтайгаа холбоотойгоор элсэгчдийн чанарыг бус төлбрийг нь гол болгож элсүүлсэн учраас төлбрийг нь алдахгүйн тулд тухайн элсэгчдийг бүрэн бүтэн төгсгөх буюу төгсөлт их байлгах бодлого барьдаг. Энэ байдал нь дахин, нөхөн шалгалтын хэлбрүүдийг бий болгож мөрдөж буйгаас илэрхий харагдана. Сургуулиудын дотоод дүрмэнд хангалтгүй суралцсан, тухайн түвшний болзол биелүүлээгүй оюутнуудыг сургуулиас хасах тухай заалт байдаг ч зүгээр л тунхаглалын шинжтэй.
Дийлэнх болсон идэвх султай оюутнуудыг шахах, хяналтын механизм сул учраас энэ маягаар оюутнуудын идэвхгүй байдал газар авахад хүргэдэг.
Мөн идэвхтэй цөөнх хэсэгт чиглэсэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь өрнүүлж чаддаггүй.
Багш идэвхгүй муу оюутнуудад хичнээн муу дүн тавьж, шалгалтанд унагаасан ч, 10, 20-н шалгалтын өртэй оюутан байсан ч төгсөх нь бас мэргэжлийн дипломоо авах нь бараг эргэлзээгүй болжээ. Үүнтэй адилаар идэвхитэй оюутнуудад өндөр үнэлгээ тавьсан ч түүнийг урамшуулах механизм сул байдаг. Энэ нь багшийн оюутанд нөлөөлөх нөлөөллийг алдагдуулдаг.
Оюутанд чиглэсэн хяналт болон урамшууллын механизм сул буюу муухан оюутнуудыг шахаж, сайн оюутнуудыг дэмждэггүйгээс, өөрөөр хэлбэл хариуцлагын тогтолцоо бараг байхгүй байдал нь идэвхтэй цөөнхөн хэсэг оюутнууд нь аажмаар идэвхгүй олонх хэсэгтээ уусдаг. Курс ахих тутам тухайн ангийн оюутнуудын идэвх улам буурдаг нь үүнтэй холбоотой.
c. Багш нарын цалин, урамшуулах механизм буюу хариуцлагын тогтолцоо
Сургуулиуд санхүүгийн бололцоо муу тул багш нарын цалин бага, хийсэн ажлыг нь урамшуулах механизм сул байдаг. Үүний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд үндсэн ажил нь биш болдог. Учир нь хийж хийж авсан цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Тиймээс багш нар арга буюу орлогын бусад эх үүсвэрүүдэд анхаарал тавих болдог байна. Энэ байдал нь багш нар цалингийн урамшуулалгүй сургалт, үйл ажиллагааны хэлбрүүдэд тоомжиргүй хандахад хүргэдэг. Мөн багш нарын цалин тогтмол буюу багш нарыг цалинжуулах механизм хөшүүн байдаг нь оюутнаас багшид нөлөөлөх нөлөөллийг алдагдуулж байдаг. Тухайн багш хичнээн сайн ажлаа хийсэн ч, аль эсвэл ажилаа муу, маш муу хийсэн ч (Оюутны сэтгэл ханамжид нийцсэн гэдэг утгаараа) авдаг тогтмол цалингаа л авдаг. Уян хатан бус.
Сургуулиудын дотоод дүрэм журамаар бол багш ажлын цагаа таслах, аль эсвэл хоцорсон тохиолдолд цалингийн шимтгэл авах тухай заалт орсон байдаг ч энэ нь хэрэгжилт муутай байдаг. Үүнд хэрэглэгч буюу оюутнууд нь өөрсдөө хяналт тавих байтал тэдний дийлэнх хэсгийн сурах идэвх сул байдаг, түүнчлэн тэднийг мөнгө санхүүгийн талаас нь ч, сургалтын талаас нь ч шахах механизм сул учраас багш хичээл хоцорч ирвэл аз болж, хичээл орохгүй бол ураа хашхирдаг нь өнөөгийн юутнуудын хувьд нийтлэг зүйл болсон.